Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолтууд манай цагаар лхагва гарагийн шөнө явагдлаа.
Олон хүмүүсийн анхаарлын төвд байсан тоглолт бол удахгүй Английн Премьер лигийн аваргаар тодрох Манчестэр Сити болон Ливерпүүл клубуудын тоглолт байлаа. Тэдний эхний тоглолт Анфиелд цэнгэлдэхэд болоход талбайн эзэд маш сайн үзүүлж энэ улиралд босоо байсан Манчестэр Сити клубыг 3:0 харьцаатай бут ниргэсэн билээ.
Хоёрын багийн хариу тоглолтыг хөлбөмбөг сонирхогч бүхэн чих тавин сонсож, анхаарал ажиглаж байсан нь гарцаагүй.
Этихат цэнгэлдэх хүрээлэнд явагдсан тоглолт эхэлмэгц талбайн эздээс эхний гоол 2 дахь минутад ирсэн бөгөөд гоолын эзэн нь Бразил довтлогч Габрьел Жесүс байлаа. Эхний үед Манчестэр Ситигийн довтолгоон шуурга шиг л байлаа. Ээлж дараалсан, аюултай довтолгоонуудыг Ситигийн довтлогч нар хийж тоог ойртуулж чадаагүй. Гоол оруулсан ч шүүгчийн алдаанаас болж түүнийг нь тооцоогүй.
Үүнд ундууцсан Пеп Гуардиола эхний хагасын завсарлагаанаар шүүгчтэй зүй бус харьцсан гэж үзэж талбайгаас хөөгдөж хоёр дугаар үеийг үзэгчдийн суудлаас үзэхээр болсон.
Хоёр дугаар үед Ливерпүүлийн довтолгоо илүү чанартай болж ирсэн бөгөөд эхний гоолыг Египтийн Хаан Мохамэд Салах тоог холдуулж хожилд нэг алхам ойртсон, удалгүй Роберто Фирминио гоол оруулснаар Ливерпүүл клуб 11 жилийн дараа шөвгийн дөрөвт шалгарлаа.
Роберто Фирминио, Мохамэд Салах нар гоол оруулснаар нэг багийн хоёр тамирчин нэг улиралд тус бүр 8 гоол оруулсан анхны тохиолдол болсон бөгөөд тэдний ард Садио Мане 7 гоолтой явж байгаа билээ. Мөн тэд энэ улиралд Аваргуудын лигт нийт 33 гоол оруулаад байгаа нь хамгийн олон гоол оруулсан Английн баг болж байгаа ажээ.
Ливерпүүл клуб Манчестэр Сити клубыг хожсноор цааш шалгарч Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт үлдлээ. Мөн Пеп Гуардиолаг нэг улиралд 3 удаа хожсон анхны баг болжээ.