Монголын хөлбөмбөг

Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд

Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны 9 дүгээр конгресс болон Гүйцэтгэх хорооны 55, 56 дахь их хурал боллоо. Тус хуралд манай улсаас Монгол Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нар оролцсон байна.

Тус хурлаар Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчийн сонгууль болж БНСУ-ын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Мон Гю Чун сонгогдон 2018-2020 онд Зүүн Азийн хөлбөмбөгийг тэргүүлэхээр болсон байна.

Харин МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар Зүүн Азийн ХБХ-ны удирдах зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдлоо.

Зүүн Азийн ХБХ цаашид бүс нутгийн нягт хамтын ажиллагаа, хөгжилд ихээхэн анхаарч ажиллахаар санал нэгдэж, үүнд чухал ач холбогдолтой Е1 буюу бүсийн аварга шалгаруулах тэмцээн, өсвөрийн U15 насны тэмцээнүүдийн 2018 оны хуваарийг баталлаа.

Е1 буюу бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар өгсөн саналуудыг хэлэлцэхэд Монгол улс олонхийн санал авч тэмцээний нэгдүгээр шатны тоглолтуудыг эх орондоо хийхээр шалгарлаа.

МХБХолбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар 2018 оны 9 сард уг тэмцээнийг эх орондоо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, зочин тамирчдыг дээд зэргээр хүлээн авахаа илэрхийлсэн юм.

Энэхүү тэмцээнийг эх орондоо зохион байгуулах нь Монголын хөлбөмбөг сонирхогчдод Ази тив, бүс нутгийн хөлбөмбөгийн түвшинг харах, олон улсын тэмцээнүүдийг үзэх, харин манай шигшээ багийн хувьд Ази тивдээ өөрсдийн түвшин, чадлыг харуулах боломж болох юм.