Ла лиг

Барса 11 жилийн дараа Реал Сосьедадыг талбайд нь хожлоо

2007 оноос хойш Реал Сосьедадын талбайд зочилсон тоглолтуудаас нэг ч ялалт байгуулж чадаагүй Барселоначууд хар цувралаа зогсоож өрсөлдөгчөө 4-2 харьцаатайгаар буулган авлаа. Испанидаа хамгийн давамгай хоёр багийн нэг Барселона Испанийн багуудаас хамгийн муу үзүүлэлтийг Реал Сосьедадын эсрэг сүүлийн 11 жил үзүүлээд байсан юм.

Тоглолт 30 минут өнгөрч байхад тооны харьцаа 2-0 болж Реал Сосьедадын давамгайллаар явж эхэлсэн нь хөлбөмбөг сонирхогчдод цуврал үргэлжлэх нь гэсэн бодлыг төрүүлж эхэлсэн нь лавтай. Гэвч Барса тоглолтын хоёрдугаар үеийг гайхалтай өнгөрүүлж гайхалтай эргэн ирэлтээр 4-2 харьцаатайгаар ялалт байгуулсан байна. Гоолуудыг Паулиньо, Месси, Суарэс нар оруулж багаа хожилд хөтөлжээ.

Барселонагийн мөнхийн өрсөлдөгч гэгддэг Реал Мадрид энэ тойрогт Вилъяреалд хожигдсоноор хоёр багийг 19 оноо зааглаж эхэллээ. Гэхдээ Реал Мадрид бүх багуудаас нэг тойрог дутуу байгаа юм.