Бусад

НОТТИНГЕМ ФОРЕСТ АНГЛИЙН ХОЛБООНЫ ЦОМООС АРСЕНАЛЫГ МУЛТАЛЛАА

Өнгөрсөн шөнө Английн Холбооны цомын гуравдугаар тойрогт учраа таарсан Нотингем Форест клуб талбай дээрээ Арсенал клубыг хүлээн авч, буулган авлаа.

Тус тоглолт “Сити Граунд” цэнгэлдэх хүрээлэнд өрнөж, Арсенал клубын дасгалжуулагч Арсен Венгер үзэгчдийн суудлаас сонирхсон юм. Тоглолтын нэгдүгээр үед талбайн эздээс 20 дахь минутад хамгаалагч Лихай тооныг харьцааг 1-0 болгож нээв. Удалгүй Их буучдаас Германы хамгаалагч Мертесакер 23 дахь минутанд зүүн жигүүрээс ирсэн дамжуулалтыг гүйцээснээр 1-1 болж тэнцээд байсан юм. Эхний үе дуусахаас өмнө 44 дахь минутад эхний гоолыг оруулаад байсан Америк хамгаалагч Лихай тоог 2-1 болгож өөрчлөв. Их буучид бөмбөг эзэмшилтээр нэгдүгээр үеийг 70% илүүрхээд байсан юм.

Тоглолтын хоёрдугаар үе эхэлж, 64 дахь минутад Арсеналын хамгаалагч Холдинг Ноттингемийн хагас хамгаалагч Кэшийн довтолгоонд саад учруулж, торгуулийн шугаманд алдаа гаргаснаар талбайн эзэд торгуулийн цохилт хийх эрхтэй болов.Торгуулийн цохилтыг Манчестер Юнайтед клубын академиас төрөн гарч ирсэн 18 настай авъяаслаг залуу тамирчин Бреретон Оспинагийн эсрэг гүйцэтгэж, тооны харьцааг 3-1 болгож холдуулав. Их буучид удалгүй тооныг харьцааг ойртуулж, Ноттингемийн хаалгач Смитийн гаргасан алдааг Велбек ашиглаж тооны харьцааг 3-2 болгон ойртуулав. Тоглолтын үндсэн цаг дуусахаас өмнө Дебюши торгуулийн шугамдаа зөрчил гаргаж, ахин нэг торгуулийн цохилтоор талбайн багаа хөөдөв. Талбайн эздээс Эвертон клубээс зээлээр ирсэн Доуэлл торгуулийн цохилтыг гүйцэтгэж, тоог 4-2 болгосноор Ноттингем Форест клуб дараагийн шатанд шалгарлаа.