Наймаа

Коутиньогийн шилжилт Ливерпүүлд ямар нөлөө үзүүлэх вэ?

Ливерпүүлийн хөгжөөн дэмжигчдийн хэзээ ч битгий биелээсэй хэмээн найдаж байсан наймаа биелэлээ олж Коутиньо Барселонаг зорьлоо.

Филлиппе Коутиньо Барсад 142 сая еврогоор ирсэн нь Барселонагийн түүхэн дэх хамгийн үнэтэй худалдан авалт болж байна. Тэд өнгөрсөн зун Нэймарыг 220 сая еврогоор явуулсан бол өөрсдөө 140 саяын наймааг ийнхүү хийлээ

“Ямар ч баг Коутиньог өөр багт алдсандаа харамсах байсан” Юргэн Клопп

Ливерпүүл Коутиньогоо алдсан нь тэдний хувьд маш том алдагдал уу?

Коутиньо 2013 оны 1-р сард Интер Милан багаас Ливерпүүлийн эгнээнд элссэнээсээ хойш маш сайн тоглолтыг үзүүлж багийн түлхүүр тоглогчдын нэг болж чадсан.

Тэрбээр 54 гоолыг 200 тоглолтонд оруулсан бөгөөд сүүлийн 3 улиралдаа өөрийнхөө үзүүлэлтийг маш хурдтай сайжруулсан юм.

Бразил залуу өнгөрсөн улиралд 13 гоолыг Премьер лигт оруулсан бөгөөд энэ улиралд 7 гоолыг оруулсны дараачаар Испанийг зорьж байна.

Гэхдээ Ливерпүүл түүний гоолоор дутахаасаа илүүтэйгээр түүний тоглолтын нөлөө, гоолын боломж үүсгэлт, чанартай багийн тоглолтоор нь дутах юм.

Роберто Фирмино 2015 онд улаануудын эгнээнд нэгдсэнээсээ хойш 30 гоолыг оруулсан нь багийн бүх тоглогчдоос хамгийн өндөр үзүүлэлт. Гэвч Коутиньогийн эзгүйд Фирминогийн тоглолт тийм ч үр нөлөөтэй болж өгдөггүй. Тиймээс Коутиньо бусад тоглогчиддоо сайн тоглолт үзүүлэх орон зайг үүсгэж өгдөгийг дурьдах нь зүйн хэрэг билээ.

Фирмино энэ улиралд Коутиньотой хамт 11 тоглолтонд гараанд гарахдаа 6 гоолыг оруулсан бол түүнгүйгээр 7 тоглолтонд гараанд гарахдаа ердөө гурван гоолыг л оруулсан байна.

Ливерпүүлийн алдар тоглогчдын нэг Жэмми Каррагэр түүнтэй 2013 онд Ливерпүүлд хэсэг хугацаанд хамт тоглож амжсан бөгөөд түүнийг Ливерпүүлээс явсанд сэтгэл дундуур байгаагаа өөрийн твиттер хуудсаараа илэрхийлсэн байна.

Каррагэр: “Коутиньо явсанд үнэхээр харамсалтай байна. Түүнтэй анх талбайд гарч ирэхдээ түүнийг ингээд явчихна гэж бодож байсангүй. Гэхдээ тэр Ливерпүүл байх хугацаандаа үнэхээр гайхалтай байж чадсан”

Мохамед Салах түүний орон зайг нөхөж чадах уу?

Өнгөрсөн зун Ромагаас Ливерпүүлд ирсэн Салах энэ жил үнэхээр итгэмээргүй улирлыг өнгөрүүлж буй. Ливерпүүлийн довтолгооны бүх үзүүлэлтэнд тэргүүлэх эсвэл дээгүүр бичигдэж буй энэхүү эрхэм энэ улирлын Ливерпүүлийн хожлуудын хамгийн том түлхүүр нь байв.

Премьер лигт энэ улиралд тэрбээр 21 тоглолтыг хийхдээ 17 гоолыг оруулсан байна.

Түүний хувьд Коутиньогоос 10 гоолыг илүү оруулсан бол гоолын дамжуулалтын хувьд Коу 6 гоолын дамжуулалтыг өгсөн нь Салахын үзүүлэлтээс /5 гоолын дамжуулалт/ нэгээр илүү байна. Мөн гоолын боломж үүсгэх тал дээр Коутиньо 40 байсан бол Салах 35 байжээ. Гэхдээ Коутиньо Салахаас бага 14 тоглолтонд дараах үзүүлэлтийг үзүүлснийг дурьдах нь зүйн хэрэг.

Гэвч хоёр тоглогчийн үзүүлэлтийг аль альных нь анх Ливерпүүлд нэгдсэний дараа хийсэн 21 тоглолтоор шүүвэл Салахын үзүүлэлт, тоглолтонд үзүүлж буй нөлөө хавьгүй илүү байгаа юм.

Ливерпүүл Коутиньогийн орон зайг яаж нөхөх вэ?

Ливерпүүлийн тоглогчдоос хэн нь ч багийг орхисон бай тэр дундаас одоогийн нөхцөл байдалд хамгийн нөлөө бүхий тоглогч нь Коутиньо. Тэр анх Интерээс 8,5 сая еврогоор ирж байсан бол өнөөдөр 142 сая еврогоор зарагдаж байна. Ямар ч их өөрчлөлт, өсөлт гарсаныг дээрх үнээс бид харж болно.

Дээр дурьдсанчлан Салах Ливерпүүлд ирсэнээсээ хойш итгэмээргүй тоглолтыг үзүүлж Ливерпүүлийг премьер лигийн ширүүн өрсөлдөөн дунд топ багуудаасаа дөрөвт бичигдэх, аваргуудын лигийн хасагдах шатанд гаргах, FA цомын сайн тоглолтууд гээд сайн амжилтуудад хөтөлсөн.

Салах өмнөх улирлуудад байсан Коутиньогийн лидер чанарыг “хувилж” чадсан бөгөөд түүнийг байхгүйд Салах заримд тохиолдолд түүнээс ч илүү тоглолтыг харуулж буй.

Хэрвээ Салах Челсид байсан шигээ нөлөөгүй тоглолтыг үзүүлсэн бол Ливерпүүлийн хувьд Коутиньог алдсан нь “гамшиг” байх байсан боловч одоогийн довтолгооны тоглогчид нь Коутиньогийн орон зайг нөхөх бүрэн боломжтой юм. Мэдэж Коутиньогийн хувийн хийж чадах давуу талуудыг нь нөхөж чадахгүй байлаа ч Фирмино, Салах, Мане гэсэн гурвал Ливерпүүлийн довтолгоог авч чадах боломжтой байгааг статистик үзүүлэлтүүд ч нотолж байна.

Энэ улиралд Коутиньогүй хийсэн тоглолтуудаас Ливерпүүл илүү их оноог цуглуулсан. Нийт 13 тоглолтыг Коутой хамт хийхдээ 6-д тэнцэж, дунджаар 1,8 оноог нэг тоглолтоос авсан байна. Харин Коугүй 9 тоглолтонд 6 хожиж 2 тэнцэж 1 хожигдсон буюу 2.2 оноог нэг тоглолтоос дунджаар цуглуулсан.

Мөн энэ улиралд Ливерпүүлд нэгдсэн Арсеналын экс тоглогч Окслэйд Чемберлэйнд талбай дээр илүү минут өнгөрүүлэх боломж нээгдэж байгаа бөгөөд Коутиньо явсан тул багтаа илүү нөлөөтэй тоглолт үзүүлэх шаардлага үүсч байна.

Ливерпүүл энэ өвөл Ван Диекийг 75 саяаар авсан бөгөөд Коутиньог явуулсаны дараачаар энэ өвөлдөө биш юмаа гэхэд энэ зун бас нэгэн үнэтэй наймааг хийж магадгүй юм.

Тэд Лэистэрийн Махрез болон Арсеналын Алексис Санчез гэсэн баг бүрийнхээ довтолгооны гол хүч нь болж буй тоглогчдтой нэр холбогдоод байна. Мөн Францын Монако багийн Томас Лемарыг Клопп сонирхож байгаа аж.

Коутиньогийн наймаа Суаресын наймаа шиг хүчтэй юу?

Ливерпүүл өмнө нь Торрес, Суарес гэсэн багийнхаа хоёр сүпэр одуудыг Челси болон Барселона багууд руу явуулж байсан түүхтэй.

Гэхдээ английн хөлбөмбөгийн экспертүүдийн үзэж буйгаар Коутиньогийн наймаа нь сүүлийн жилүүдэд болсон хамгийн том наймаануудын нэг хэдий боловч Ливерпүүлийн хувьд байж боломгүй том алдагдал биш аж.

Лавренсон тэргүүтэй экспертүүдийн үзэж буйгаар Тоттенхэм Харри Кэйнийг алдах хэмжээний биш хэмээн Коутиньогийн наймааг дүгнэж байна.

Коутиньо Барселонад ямар үүргийг гүйцэтгэх вэ?

Сүүлийн 10 жилд Барселонагийн довтолгооны хамгийн том хүчнүүдийн нэг байсан дэлхийн топ хагас хамгаалагчдын нэг Иньэста энэ жил 34 нас хүрч байна. Тиймээс Коутиньогийн төлөө Барса ингэж удаан хөөцөлдөж, олон санал явуулсны эцэст ийнхүү худалдан авч буй нь Иньэстаг орлуулах төлөвлөгөө байсан нь гарцаагүй биз ээ.

Гэхдээ Коутиньог английн премьер лигт тоглож байснаас нь нилээд өөр нөхцөлд угтана. Түүний хувьд дэлхийн хамгийн шилдэг хоёр тоглогчийн нэг Леонэл Мэссиг довтолгоонд дэмжиж, түүнд боломж үүсгэж, түүнд туслах шаардлагатай болно.

Леонэл Мэсси бүгдийг ганцаараа бүтээж чадахгүй. Сүүлийн жилүүдэд довтолгооны суурь ажлуудад хамгийн их тусалж байсан хүн нь Иньэста бөгөөд Коутиньо үнэхээр Иньэстагийн байрлал дээр 140 саяаар үнэлэгдэн ирж буй бол Иньэстагийн оргил үе шиг хэмжээний тоглолтыг үзүүлэх шаардлага үүсч байна.