Эвертон багийн шинэ дасгалжуулагчаар томилогдох магадлалтай байсан Дэвид Мойес Вест Хэмийн шинэ дасгалжуулагчаар томилогдлоо. Өнгөрсөн амралтын өдөр болсон премьер лигийн тоглолтондоо Славен Билич Вест Хэм багийнхаа хамтаар хожигдол хүлээснээр ийнхүү ажлаа алдсан билээ. Тэд 4-1 харьцаатайгаар хожигдсон тус тоглолтынхоо дараа 18-р байранд буюу доод лиг рүү унах бүст бичигдэж эхэлсэн юм.
Дэвид Мойесын хувьд Сандерланд багаас энэ оны 5-р сард тус багийг доод лиг рүү унагаснаар халагдсан билээ. Тэрбээр Эвертон багтай 10 гаруй жилийг үдэж, Манчестер Юнайтэдын дасгалжуулагчийн ажлыг алдарт Сир Алекс Фергусоноос авч байсан. Гэсэн ч Эвертоныг орхисон тэр өдрөөс хойш өндөр амжилт үзүүлээгүй.
Вест Хэм багийн удирдлагууд Дэвид Мойес шиг туршлагатай, премьер лигийн талаар өндөр мэдлэгтэй дасгалжуулагчийг олсондоо маш их баяртай байгаа талаар хуваалцсан байна. Харин Дэвид Мойесын хувьд шинэ багтаа сэтгэл хангалуун байгаа төдийгүй хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байгаа аж. Вест Хэм дараагийн тойргоо тоглолтоо Вотфорд багийн эсрэг 11-р сарын 19-нд хийнэ.