Премьер Лиг

Тоттенхэм – Кристал Палас /тоглолтын өмнө/

Английн премьер лигийн  11-р тойргийн хүрээнд өнөөдөр монголын цагаар 20:00 цагаас Тоттенхэм талбай дээрээ лигийн хамгийн сүүлийн байранд явж буй Кристал Паласыг хүлээн авч тоглоно. Тоттенхэм энэ 7 хоногт Вемблейдээ өнгөрсөн хоёр жилийн аваргуудын лигийн аварга баг Реал Мадридыг хүлээн авч 3-1-ээр буулган аваад байгаа. Тэд Реал Мадридад 2011 оноос хойш амсаагүй байсан хэсгийн шатны хожигдлыг нь амсуулсан юм.

Өнөөдрийн тоглолтонд Тоттенхэмээс багийн гол тоглогчдын нэг болох төвийн хамгаалагч Тоби Алдервайрэлд, хаалгач Уго Лорис нар бэртлийн улмаас тоглохгүй.

И Чунг-Ён Кристалын талаас бэртлийн улмаас оролцох боломжгүй. Түүний хувьд багийн анд Ван Аанхолтын адилаар гуяны арын шөрмөсний бэртэлтэй байгаа.

Тоттенхэмийн дасгалжуулагч Маурисио Почеттино:

“Энэхүү тоглолт тэргүүлэгчдээс зааглаж буй онооны заагийг багасгахад маш чухал. Манчестер Юнайтэдын эсрэг хийсэн тоглолт бидэнд маш хүнд цохилт болсон. Түүний дараа Реал Мадридыг хожиж чадсан. Би тэрхүү тоглолтонд анхаарлаа хандуулж чадсан шигээ энэ тоглолтонд ч гэсэн тэгэх зорилготой байна.”

Хоорондын тоглолт:

  • Тоттенхэм Кристалын эсрэг хийсэн сүүлийн дөрвөн тоглолтонд ялалт байгуулсан.
  • Кристал Паласчууд Тоттенхэмийн талбайд зочлон тоглосон тоглолтуудаас хамгийн сүүлд 2004 онд 1-1-ээр тэнцэхдээ л гоол оруулсан. Түүнээс хойш гоол оруулж чадаагүй.
  • Кристал Палас хамгийн сүүлд Тоттенхэмийг талбай дээр нь 1997 онд хожсон.

Тоттенхэм:

  • Тэд энэ улиралд Вемблейд хийсэн Лондонгийн 2 дербид хоёуланд нь ялагдал хүлээгээд байна. Тэд Почеттиногийн удирдлаган дор 16 удаа Лондонгийн дербиг талбай дээрээ хийсэн бөгөөд түүнээс 10 хожил, 4 тэнцээ, 2 хожигдол амссан.
  •  2014 онд Почеттино Спүрсд ирснээс хойш 31 оноог Лондонгийн дербигээс авсан нь бүх Лондонгийн багуудаас сайн үзүүлэлт.
  • Почеттино Кристалын эсрэг талбайн эзний хувиар тулсан  тоглолтондоо гоол алдаж үзээгүй. Саутхэмптонд байхдаа гурван удаа, Тоттенхэмийн хамтаар нэг удаа тулсан.

Кристал Палас

  • Кристалчууд энэ улиралд 5 зочлон тоглолт хийгээгүй байгаад одоог болтол тэрхүү тоглолтууд дээрээ нэг ч гоол оруулж чадаагүй, нэг ч оноо салгаж чадаагүй байна. Хэрвээ тэд энэхүү тоглолтонд гоол оруулж чадахгүй бол 2007 онд Дерби Каунти багийн 6 зочлон тоглолт дараалж гоолдоогүй гэсэн үзүүлэлтийг давтана.
  • Хамгийн сүүлд тэд 4-р сард Ливерпүүлийн талбай дээр гоол оруулсан бөгөөд түүнээс хойш 7 тоглолт буюу 646 минут айлын талбай дээр гоолдоогүй байна.
  • Бүргэдүүд өнгөрсөн улиралд топ 6 багаас 12 оноо салгасан. Ливерпүүл, Тоттенхэм багууд 13 оноо салгасан нь тэднээс давсан үзүүлэлт. Бусад багууд тэднээс бүгд дор үзүүлэлтийг харуулжээ.
  • Энэ улиралд 4 багийн эсрэг эхний цохилтыг хүлээн авахдаа шууд алдсан. Бөрнли, Манчестер Юнайтэд, Челси, Вест Хэм багуудын эсрэг алдсан.