Аваргуудын Лиг

Английн баг аваргуудын лигт түрүүлж чадах уу?

Энэ жилийн аваргуудын лигт оролцсон английн багууд бүгд хасагдах шатанд шалгарсан нь энэхүү тэмцээний түүхэн үйл явдал боллоо. Өмнө нь хэзээ ч нэг улсын 5 баг хасагдах шатанд шалгарч байгаагүй юм.

Челси, Манчестер Сити, Тоттенхэм, Ливерпүүл, Манчестер Юнайтэд гэсэн 5 баг эрхээ аван оролцсон бөгөөд аваргуудын лигт англиас 5 баг оролцсон анхны тохиолдол болсон билээ. Манчестер Юнайтэд аваргуудын лигийн эрхийг премьер лигийн байрлалаасаа болж авч чадаагүй хэдий ч европа лигт түрүүлсэн нь тэдэнд энэхүү боломжийг олгосон юм.

 

Хамгийн их оноо, хамгийн их хожил

Английн багууд хасагдах шатанд шалгарахдаа бүгд маш өндөр үзүүлэлттэйгээр шалгарсан юм.

Тоттенхэм H хэсэгт Реал Мадрид болон Боруссиа Дортмундттай нэг хэсэгт орсон нь маш хатуу сугалаа байсан. Тэд бусад багуудаа бодвол хасагдах шатанд шалгарах магадлал бага байсан билээ. Гэсэн хэдий ч тэд гайхалтай тоглолтыг үзүүлж Испани болон Германы хүчирхэг хоёр төлөөллийг аль альныг нь буулган авч 16 оноотойгоор хэсгээ тэргүүлсэн. Энэхүү үзүүлэлт нь тэмцээнд оролцсон 32 багаас хамгийн сайн амжилт байлаа.

Ливерпүүл 6 тоглолтонд нийт 23 гоолыг оруулсан нь энэ жилийн аваргуудын лигт хамгийн их гоол оруулсан хоёр дахь баг болж бичигдэхэд хүргэсэн. Тэдний дээр францын ПСЖ баг 25 гоол оруулсанаар жагссан юм.

Ливерпүүл, Челси, Тоттенхэм, Манчестер Юнайтэд багууд хэсгээ тэргүүлсэн нь 2006-07 оноос хойш анх удаа английн 4 баг хэсгээ тэргүүлсэн тохиолдол болсон юм.

Мөн английн багуудын хожлын хувь 70%-тай байсан нь түүхэнд гуравт жагсах хэмжээний сайн үзүүлэлт байлаа. Өмнө нь 2013-14 оны улиралд английн багууд 70.8%, мөн 2014-15 оны улиралд испанийн багууд ижил тоон үзүүлэлтийг харуулж байсан нь түүхэн дэх нэг улсын багууд хамгийн өндөр хожлын хувийг үзүүлсэн тохиолдлууд байлаа.

 

Таван баг аваргуудын лигт оролцож байсан өөр тохиолдол бий юу?

Өмнө нь 2015-16 оны улиралд Испаниас таван баг аваргуудын лигт оролцож байсан нь нэг улсаас хамгийн их баг оролцсон тохиолдол болж байлаа. Ийнхүү энэ жил англиас мөн 5 баг оролцсон нь түүхэн дэх хоёр дахь тохиолдол болсон юм.

2015-16 оны тэрхүү улиралд Барселона, Реал мадрид, Атлетико мадрид багууд хасагдах шатны эрхээ авсан бол Валенсиа болон европа лигт түрүүлснээр эрхээ авсан Севилья нар хэсгийн шатнаас тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Харин Барселона болон Атлетико Мадрид багууд шөвгийн наймд хоорондоо таарч Мадридын баг Барсаг ялж хагас шигшээн эрхээ авсан билээ. Улмаар Реал мадрид, Атлетико мадрид багууд тус жилийн аваргуудын лигийн аваргын төлөө тоглож Реал мадрид ялагч болсон юм. Ямартай ч таван баг нэг улсаас оролцсон өмнөх ганц тохиодолд ийнхүү хоёр баг нь финалд шалгарч байжээ.

Тэгвэл энэ жилийн тухайд английн багууд ямар амжилт үзүүлэх бол?

 

Энэ жил английн багууд бүгд хасагдах шатанд гарсан нь түүхэн дэх анхны тохиолдол байсан уу?

Үгүй. Сүүлийн 14 жилд 7 удаад нь английн багууд бүгд хэсгээсээ шалгарч байжээ.

Хамгийн сүүлд 2013-14 оны улиралд англиас оролцсон дөрвөн баг бүгд хасагдах шатанд гарсан бөгөөд тэдгээрээс Челси хамгийн өндөр амжилтыг үзүүлж хагас шигшээ хүртэл явсан юм.

Английн багууд бүгд хасагдах шатанд шалгарах үедээ тэд ямар амжилт үзүүлдэг вэ?

Эдгээр тохиолдлын ихэнхид нь ядаж нэг баг нь маш өндөр амжилтыг үзүүлсэн байдаг.

Бүгд хасагдах шатанд шалгарсан сүүлийн 6 тохиолдлын 5-д нь ядаж нэг баг нь аваргын төлөө үлдсэн байдаг. Ганц үлдэж чадаагүй тохиолдол нь 2013-14 он байсан бөгөөд Челси хагас шигшээ Атлетикод хожигдсоноор тус жилийн английн багуудын аваргуудын лиг өндөрлөсөн билээ.

Харин ядаж нэг нь финалд хүрсэн тохиолдлуудад ялалт байгуулсан нь тийм ч их биш. Зөвхөн 2005 болон 2008 онуудад Ливерпүүл, Манчестер Юнайтэд багууд амжилттай болгож аваргуудын лигт түрүүлсэн билээ.

Английн багууд 2004 оноос хойш жил бүр хасагдах шатанд шалгарсан байдлаараа европийн улсуудыг тэргүүлдэг хэдий ч финалдсан байдлаараа сүүлийн жилүүдэд маш тааруу байгаа. Хамгийн сүүлд английн баг шигшээ тоглолтонд шалгарсан нь 2011-12 он байсан бөгөөд тухайн жил Челси аваргалснаас хойш английн баг шигшээ тоглолтын барааг хараагүй явна.

 

Стастик үзүүлэлтүүд

  • 2003-04 оны улирлаас хойш 14 жилийн хугацаанд англиас 7 баг аваргуудын лигийн хэсгийн шатны эрхээ авч байсан. Манчестер юнайтэд, Арсенал, Манчестер сити, Ливерпүүл, Челси, Тоттенхэм, Лэистэр сити.
  • Эдгээр 14 улиралд английн багууд хасагдах шатанд шалгаралтын хувь 84% байсан.
  • Английн багуудын хамгийн сайн амжилт 2007-08 оны улиралд тохиосон бөгөөд Арсенал шөвгийн найм, Ливерпүүл хагас шигшээ хүрч Челси болон Манчестер Юнайтэд багууд аваргын төлөө шалгарч үлдсэн билээ.
  • Хамгийн муу амжилт нь 2012-13 оны улиралд тохиосон бөгөөд Арсенал болон Манчестер юнайтэд багууд шөвгийн 16 хүрч нөгөө хоёр баг нь хэсгийн шатнаас тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Английн багууд ямар багуудтай шөвгийн 16-д таарах боломжтой вэ?

Аваргуудын лигийн дүрэм ёсоор шөвгийн 16-д нэг улсын хоёр баг хоорондоо таарахгүй, нэг хэсгийн хоёр баг мөн хоорондоо таарахгүй гэсэн дүрэмтэй. Мэдээж хэсгээ тэргүүлсэн багууд зөвхөн хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан багуудтай таарах боломжтой.

Манчестер Юнайтэд: Байерн Мюнхэн, Севилья, Ювентүс, Шахтар, Порто, Реал Мадрид

Челси /2-р байраар шалгарсан/: ПСЖ, Барселона, Бешикташ

Ливерпүүл: Базел, Байерн Мюнхэн, Ювентүс, Шахтар, Порто, Реал Мадрид

Манчестер Сити: Базел, Байерню Мюнхэн, Ювентүс, Севилъя, Реал Мадрид, Шахтар, Порто

Тоттенхэм: Базел, Байерн Мюнхэн, Севилъя, Ювентүс, Шахтар, Порто

Дасгалжуулагч нар ямар бодолтой байна?

Челсигийн дасгалжуулагч Антонио Контэ: “Нэг улсаас таван баг дараагийн шатанд шалгарна гэдэг тухайн лигийг ямар хүчирхэг байгааг харуулж байна.”

“Лигийн өрсөлдөөн энэ жил маш ширүүн байгааг мартаж болохгүй. Хэрвээ английн багууд амжилттай байж цаашдаа шөвгийн найм, хагас шигшээ, финал гээд тоглох юм бол лигийн тоглолттойгоо нийлээд маш их тоглолтыг хийх шаардлагатай болно. Эдгээр тоглолтууд тоглогчдод маш их ачаалал өгөх болно. Тиймээс аваргуудын лигт түрүүлнэ гэдэг маш ээдрээтэй асуудал гэж бодож байна.”

 

Ливерпүүлийн дасгалжуулагч Юргэн Клопп: “Бид хэрвээ хожиж чадвал хэсгээ тэргүүлж чадна гэдгээ мэдэж байсан. Гэхдээ энэ бүхэн тийм ч том сюрпрюз байгаагүй гэж бодож байна”

“Энэ жил маш онцгой жил болж байна. Тэмцээнд маш олон шилдэг багууд өрсөлдөж байна. Контэгийн хэлсэнчлэн эдгээр багууд дунд сул баг гэж байхгүй бөгөөд хэнтэй нь ч таарсан өөрсдийгөө азтайд тооцож баярлаж болохгүй. Бид ямар ч багтай учраа таарсан өөрсдөндөө баярлаж болохгүй, бид тэгэхгүй. Гэхдээ бид ямагт бэлэн байх болно”

 

Манчестер Ситигийн дасгалжуулагч Пеп Гуардиола: “Иймэрхүү нөхцөл байдалд аваргуудын лигийн сугалааны талаар маш их зүйл ярих шаардлагатай болох байх. Учраа таарсан баг тухайн нөхцөл байдалд ямар байдалтай байх нь их хамааралтай”

“Магадгүй өнөөдөр танай баг маш сайн байж болно. Гэвч хоёрдугаар сард буюу тухайн мөчид танай баг маш муу байж болно. Өрсөлдөгч чинь ч ялгаагүй. Бүх зүйл эсрэгээрээ эргэж болно гэх гэсэн юм. Реал Мадрид, Барселона, Байерн Мюнхэн гэсэн багууд тэмцээний туршид маш хэцүү өрсөлдөгчид байх болно. Бусад багуудын хувьд ялгаа бага хэдий ч бид хичээхэд л болно гэж бодож байна.”

 

Манчестер Юнайтэдын дасгалжуулагч Жозэ Моуриньо: “Эхний шатны дараачаар ердөө л найман баг үлдэнэ. Хамтдаа харцгаая.”

“Бид нар аваргуудын лигт түрүүлэх гол фаворитуудын нэг биш. Эдгээр багууд дунд аваргуудын лигт түрүүлэх хэмжээний өндөр зэрэглэлийн маш олон хүчирхэг багууд бий.”

“Бидэнд английн лигийн маш олон тоглолтууд байна. Энэхүү тоглолтууд хэрхэн үргэлжлэхээс дараа дараагийн нөхцөл байдлууд шийдэгдэнэ. Гэхдээ аваргуудын лиг хэдхэн сарын дараа эхэлнэ гэдгийг мартаж болохгүй”

Тоттенхэмийн дасгалжуулагч Маурисио Почеттино: “Энэхүү үзүүлэлт манай багийн хувьд гайхалтай амжилт. Гэвч финал хүртэл маш урт зам байна. Бид сугалааг хараад хоёрдугаар сар хүртэл хүлээгээд дахин тоглох болно”

“Бид үргэлжлүүлэн энэ зэрэглэлийн тоглолтоо үзүүлэхийг хичээнэ. Гэвч өндөр зэрэглэлийн тэмцээнд энэ формоо хадгалах хэцүү гэдгийг бид ойлгож байгаа. Мэдээж бид хамгийн сайнаараа хичээж тоглолт болгонд ялахыг хичээх болно. Өөрсдийн явж чадах хүртлээ хичээсээр байх болно.”

 

Аль баг нь аваргуудын лигт түрүүлэх магадлал өндөртэй вэ?

Английн багуудын дундаас шөвгийн наймд шалгарах хамгийн өндөр магадлалтай нь Манчестер Сити байна. Спортын аналистуудын үзэж байгаагаар Манчестер Ситигийн шөвгийн наймд үлдэх магадлал нь 61,5% ажээ.

Английн дөрвөн баг хэсгээ тэргүүлж чадсан нь тэднийг шөвгийн наймд олуулаа шалгарах боломжийг үүсгэсэн боловч нөгөө талаас хэсгийн хоёрдугаар байраар Реал Мадрид, Ювентүс, Байерн Мюнхэн гэсэн европийн топ зэрэглэлийн багууд гарсан нь энэхүү магадлалын хувийг бууруулахад гол нөлөөг үзүүлж байна.

Мөн английн багуудаас ганцаараа хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан Челсигийн таарч болох боломжит 3 баг нь ПСЖ, Барселона, Бешикташ байгаа бөгөөд ПСЖ, Барселона багуудтай таарвал шөвгийн наймд шалгарах эсэх нь ээдрээтэй болж ирэх магадлалтай байна.

ПСЖ хэсгийн шатанд нэг тоглолтонд дунджаар 4 гоолыг оруулсан

Учир нь энэ зун бүрэлдэхүүнээ Нэймар болон Мбаппе нараар зузаатгасан Францын хүчирхэг баг ПСЖ аваргуудын лигт гайхалтай тоглолтыг үзүүлж 25 гоолыг 6 тоглолтонд оруулж хэсгээ 15 оноотойгоор тэргүүлсэн. Тэд европийн акулуудын нэг Байерн Мюнхэнг дороо хийж хэсгээ тэргүүлснийг нэмж хэлэх нь зүйтэй. Мөн тэдэнтэй таарах магадлалтай байгаа Барселоначууд Ювентүсийг доороо хийж хэсгээ тэргүүлсэн бөгөөд испанийн лигтэй маш сайн тоглолтыг үзүүлж байгаа юм. Үүгээр зогсохгүй аваргуудын лигт түрүүлэх магадлалаараа нэгдүгээр байранд 28.5%-тайгаар жагсаж байгаа нь Челсигийн учраа таарах боломжтой гурван багийн хоёр нь тун ярвигтай өрсөлдөгчид болохыг харуулж байгаа юм.

Тэмцээнд түрүүлэх магадлалаараа английн багуудаас хамгийн өндөр магадлалтай нь мөн л Манчестер Сити байгаа бөгөөд тэдний түрүүлэх магадлал 8% байна.