ДАШТ

Үе үеийн ДАШТ-ий хамгийн залуу тоглолгчид

Дэлхийн аварга гэх нэр төртэй, хариуцлагатай тэмцээнд оролцоно гэдэг нэр төрийн хэрэг. Зарим нэгэн агуу тоглогчид бүх замналыхаа туршид хүсээд ч орж чаддаггүй энэ тэмцээнд хэний ч мэдэхгүй залуу тоглогчид оролцож гялалзах нь ч олонтой. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр үе үеийн ДАШТ-д оролцож байсан хамгийн залуу тоглогчдыг нэрлэж байна.

1958: Пэлэ, Бразил 1940 оны 10-р сарын 23

Хөлбөмбөгийн хаан Пэлэ Ердөө 17 настайдаа анхны ДАШТ-дээ тоглож байв. 1950 оны нутагтаа болсон ДАШТ-ийг Радиогоор сонсож уйлж байсан Пэлэ 8 жилийн дараа Шведэд болсон тэмцээний жинхэнэ од нь болж байв. Эхний хоёр тоглолтод гараанд гараагүй хэдий ч ЗХУ-тай хийсэн хэсгийн гурав дах тоглолтоос дэлхий дахин хөлбөмбөгийн хаантай танилцсан юм. Гараанд гарсан эхний тоглолтдоо гоолын дамжуулалт өгч улмаар хагас шигшээд Францын эсрэг Хет-Трик шигшээ тоглолтод зохион байгуулагч Шведийн эсрэг Дубль хийж улмаар тухайн тэмцээний шилдэг залуу тоглогчийн шагналыг хүртэж байв.

1962: Жианни Ривера, Итали  1943 оны 8-р сарын 18

18 настай залуу хүү 62 оны ДАШТ-д багтаа төдийлөн тус хүргэж чадаагүй хэдий ч ирээдүйд дэлхийн супер тоглогч болсон.АС Милан клубын домогт хагас хамгаалагч Жианни Ривера Милан клубын төлөө 500 гаруй тоглолтод оролцож байсан бол Италийн шигшээ багийн төлөө 1962-1974 оны хооронд хүчин зүтгэж 60 тоглолтод оролцож 14 гоолоор багтаа туслаж байсан Италийн түүхэн дэх шилдэг хагас хамгаалагчдийн нэг.

1966: Эдү, Бразил 1949 оны 8-р сарын 6

Англид болсон ДАШТ-ий хамгийн залуу хөлбөмбөгчинг Бразилчууд шигшээ багтаа дуудаж байв. 8 жилийн өмнөх ДАШТ-д залуу хүү Пэлэ гялалзсан бол энэ удаад авчирсан залуу нь тэдэнд тус болж чадаагүй юм. Сантос багийн төлөө 10 жил зүтгэхдээ 600 орчим тоглолтод оролцсон түүний замнал харамсалтай нь тийм ч дардан өрнөөгүй.

1970: Хулио Лосадо, Уругвай 1950 оны 6-р сарын 16

1970 оны ДАШТ-д Пенэрол клубын 8 тоглогч байсны нэг нь Хулио байв. Дэлхийн аваргын эхний хоёр тоглолтод Израел болон Шведийн шигшээ багуудын эсрэг гараанд гарч тоглосон Лосадо дахиж хэзээ ч шигшээ багтаа дуудагдаагүй юм. Тэр замналыхаа оргил үеийг Грекийн Олимпиакос клубт өнгөрүүлсэн.

1974: Владимир Петрович Югослав 1955 оны 7-р сарын 1

Баруун Германд болсон ДАШТ-ий шилдэг залуу тоглогч нь Польшийн Жмуда болж байсан бол хамгийн залуу тоглогч нь Югославын Владимир Петрович болж байв. Алдарт Црвена звезда клубын төлөө ердөө 16 настайдаа анхны тоглолтоо хийж байсан залууг Югославчууд 74 онд шигшээдээ дуудсан. Английн алдарт Арсенал клубын анхны гадаад тоглогч болж түүхэнд нэрээ бичүүлж байсан тэр хожим Хятад, Ирак, Серби гэх зэрэг олон багуудыг дасгалжуулж байсан.

1978: Андрей Иван, Польш 1959 оны 11-р сарын 10 

Мексикийн алдарт Уго Санчез энэ удаагийн ДАШТ-д ердөө 19 настайдаа оролцож байсан хэдий ч хамгийн залуу нь Польшийн Андрей Иван байв. 1977-78 оны улиралд клубтээ хийсэн түүний зургаан гоол ДАШТ-д дуудагдахад хангалттай байсан. Нутгийхаа лигээс гадна Герман болон Грекийн лигүүдэд тоглож байсан эр хожим нь Польшийн телевизэд ажиллах болсон.

1982: Норман Уайтсайд, Умард Ирланд 1965 оны 5-р сарын 7

Испанид болсон ДАШТ-д Умард Ирландын шигшээ багийн Норман Уайтсайд хамгийн залуу тоглогчоор нэрлэгдэж байв. 17 нас 41 хоногтойдаа ДАШТ-ий эхний тоглолтоо хийсэн тэрбээр агуу Пэлэгийн хамгийн залуудаа ДАШТ-д тоглосон гэсэн рекордыг эвдсэн. Ердөө  16 насандаа Манчестэр Юнайтэдийн төлөөх анхны тоглолтоо хийсэн түүнийг авахын төлөө АС Милан клуб 1,5 сая гэх тухайн үедээ чамлахааргүй санал тавьж байсан ч тэрбээр улаан чөтгөр хэвээр үлдсэн.

1990: Крис Хэндэрсон, АНУ 1970 оны 12-р сарын 11

Хамгийн бага гоол орсон тэмцээн гэж түүхэнд үлдсэн ДАШТ-д оролцсон хамгийн залуу тамирчин бол АНУ-ын шигшээ багийн хагас хамгаалагч Крис Хэндорсон. Уг дэлхийн аваргад ганц ч минутыг талбайд өнгөрүүлж чадаагүй түүний замнал Герман, Норвеги, АНУ-ын лигүүдэд үргэлжилж 35 насандаа зодог тайлсан юм. Одоо тэрбээр MLS-ын Ситтл Соундэрс клубын техникийн захирлаар ажилладаг.

1994: Роналдо, Бразил 1976 оны 9-р сарын 22

Хөлбөмбөгийн түүхэнд төрөн гарсан хамгийн агуу хөлбөмбөгчдийн нэгд зүй ёсоор тооцогддог Бразилын алдарт Луйс Назари Дэ Лима буюу Роналдо анхны ДАШТ-дээ 1994 онд 18 нас ч хүрээгүй байхдаа дуудагдаж байв. Тэрбээр 2014 оныг хүртэл ДАШТ-ий түүхэнд хамгийн их гоол буюу 15 гоол оруулсан тамирчнаар нэрлэгдэж байсан ч 2014 онд Германы алдарт довтлогч Мирослав Клозэ түүний амжилтыг 16 болгож ахиулсан.

1998: Самуэл Это, Камероон 1981 оны 3-р сарын 10

Африкын түүхэнд төрөн гарсан хамгийн агуу довтлогчдын нэг Самуэл Это ердөө 16 насандаа шигшээ багтаа дуудагдаж байв. Энэ удаагийн ДАШТ-д хожим агуу тоглогч болсон олон залуус анхныхаа ДАШТ-д оролцож байв. Рио Фэрдинанд, Самуэл Это, Майкл Овэн гэх зэрэг залуусаас хамгийн залуу нь Это байсан юм. Барсэлона клубд гайхалтай тоглолтыг үзүүлж байсан тэрбээр аваргуудын лигт гурвантаа түрүүлснээс гадна хожим ОХУ-ын Анжи клубт очин дэлхийн хамгийн өндөр цалинтай тоглогч болж байсан удаатай.

2002: Фэми Опабунми, Нигери 1985 оны 3-р сарын 3

Анх удаа Ази тивд зохион байгуулагдсан ДАШТ-д Африк тивийн багууд нэлээд шуугиан тарьсан. Үхлийн хэсэгт Англи, Швед, Аргентиний багуудтай орсон Нигерийн багт харамсалтай нь хэсгээсээ гарах боломж олдоогүй юм. 17-хон насандаа ДАШТ-д дуудагдаж байсан Фэмигийн замнал харамсалтай нь 4-хөн жилийн настай байсан. 2006 онд нүдний даралтнаас болж зүүн нүдний хараагаа алдсан Нигери залуу ердөө 21 насандаа аргагүй эрхэнд зодог тайлсан.

2006: Тео Уалкотт, Англи 1989 оны 3-р сарын 16

2006 оны ДАШТ-д Лео Мэсси, Цэск Фабрэгас тэргүүтэй 20 нас хүрээгүй 13 тоглогч оролцсоноос хамгийн залуу нь Английн шигшээ багийн залуу од Тео Уалкотт байв. 17 насандаа шигшээ багийхаа хамтаар ДАШТ-д оролцсон түүнийг Монголын хөлбөмбөг үзэгчид андахгүй сайн мэдэх биз ээ.

2010: Кристиан Эриксэн, Дани 1992 оны 2-р сарын 14

Тоттэнхэм клубын салшгүй нэг хэсэг болоод буй Кристиан Эриксэн Өмнөд Африкт болсон ДАШТ-аар дэлхий нийтэд өөрийгөө таниулж байв. 11 сая фунтээр Аяакс клубээс Тоттэнхэмд шилжэж байсан Эриксон өнөөдөр Данийн шигшээ багийг ахлан ДАШТ-д оролцож байгаа билээ.

2014: Фабрисэ Олинга, Камероон 1996 оны 5-р сарын 12

Испанийн Ла Лигт хамгийн залуудаа гоол оруулсан тамирчин болох Фабрисэ Олинга өмнөх ДАШТ-д 18 насандаа шигшээ багийхаа бүрэлдэхүүнд багтаж байв. 13 насандаа Самуэл Этогийн байгуулсан хөлбөмбөгийн академаар дамжиж Европт хөл тавьсан тэрбээр Мальярко багийн академид элсэж мэргэжлийн хөлбөмбөгийн замналаа эхлүүлсэн. Харамсалтай Олинга алдарт Это шиг шилдэг тоглогч болж чадаагүй.