Шуум

Солилцоо наймааны эргэн тойронд

Александр Головин ДАШТ-ий нээлтийн тоглолтонд 1 гоол, 2 гоолын дамжуулалт өгч, тоглолтын шилдгээр нэрлэгдсэн. (Photo by Lars Baron - FIFA/FIFA via Getty Images)

ЦСКА Москва, ОХУ-ын шигшээ багийн залуу од Александр Головины төлөө Италийн Ювентус болон Испаний Барселона багууд өрсөлдөж байна. ЦСКА Москва Головиныг 25 сая еврогоор үнэлж байгаа юм. Түүний хувьд өнгөрсөн улиралд Москвагийн багийн төлөө 38 тоглолтонд оролцож 7 гоол, 3 гоолын дамжуулалт өгсөн юм.

Ясин Брахими Портогийн төлөө 40 тоглолтонд оролцож 10 гоол, 8 гоолын дамжуулалт өгч, баг нь Португалийн лигт аваргалсан. (Photo by Anthony Dibon/Icon Sport)

Арсенал Ясин Брахимиг авахаар хичээж байна. Порто клуб өөрсдийн жигүүрийн тоглогчоо зарахад бэлэн байгаа гэж Португалийн Jornal de Noticias сэтгүүл мэдээлжээ. Брахимигийн хувьд Италийн Рома багтай нэр холбогдоод байгаа боловч, тэрээр Англи руу явахыг хүсч байгаа нь Их буучдад сайхан мэдээ болж байна.Мөн Арсеналын хагас хамгаалагч Гранит Шака багтайгаа урт хугацааны гэрээ байгуулжээ.

Рафаел Бенитезийн Ньюкасл Юнайтед 17-18 оны улирлын Премьер Лигт 44 оноотойгоор 10-р байранд орсон. (Photo by Serena Taylor/Newcastle United via Getty Images)

Английн Ньюкасл Юнайтедын клубын дасгалжуулагч Рафаел Бенитезэд багийнх нь удирдлага 40 сая фунт стерлингийг энэ зуны наймааны цонхоор гаргаж өгөхөөр болсон гэнэ. Шаазгайнуудын хувьд одоогийн байдлаар Хоффенхэймын Хорват довтлогч Андрей Крамарич болон, Ювентусын хагас хамгаалагч Стефано Стураро нартай холбогдоод байгаа юм.

Наполи клуб Фабиан Руйзийг Жоржиньог орлох тоглогчоор нэрлэв. (Photo by Burak Akbulut/Anadolu Agency/Getty Images)

Испаний Реал Бетисийн хагас хамгаалагч Фабиан Руйз Наполи клубтэй тохиролцоонд хүрсэн тухай Corriere dello Sport мэдээлжээ. Хэрвээ энэ наймаа бүтвэл Наполигийн Жоржиньо Манчестер Сити рүү явах нь тодорхой болж байгаа гэсэн үг.

Өнгөрсөн улирлын Чемпионшип дивизоны гол нээлт Жеймс Мэддисон.(Photo by Ian Horrocks/Sunderland AFC via Getty Images)

Саутхэмптон, болон Лейстер клубууд Норвич Сититэй Жеймс Мэддисоныг худалдан авахаар тохиролцжээ. Канарын бялзуухайнууд багуудаас ирсэн 22 сая фунтын саналыг зөвшөөрсөн бөгөөд одоо тоглогч өөрөө аль баг руу явахаа шийдэх л үлдсэн гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Саутхэмптоныг сонгох магадлал өндөр гэнэ. Жэймс Мэддисон энэ жил 21 нас хүрэх бөгөөд өнгөрсөн улиралд Норвичийн төлөө 49 тоглолтонд оролцож 15 гоол, 8 гоолын дамжуулалт өгсөн ирээдүйтэй хагас хамгаалагч юм.

Леонардо Бонуччи АС Миланы төлөө 44 тоглолтонд оролцсон.(Photo by Tullio Puglia - UEFA/UEFA via Getty Images)

Францын аварга ПСЖ клуб Миланы төвийн хамгаалагч Леонардо Бонуччиг авахаар хөдөлж эхэлжээ. Мөн үүнээс гадна Италийн домогт хаалгач Жианлиужи Буффоныг 2 жилийн гэрээтэйгээр эгнээндээ нэгтгэхэд ойрхон байгаа билээ.

Даниел Старриж Вест Бромын төлөө гоолдоогүй.(Photo by Robbie Jay Barratt - AMA/WBA FC via Getty Images)

Өнгөрсөн улирлын 2-р хагасыг Вест Бромвич Албион клубт өнгөрүүлсэн Ливерпүүл клубын довтлогч Даниел Старриж багтаа үлдэж гарааны эрхийн төлөө тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн байна. Гэмтлийн улмаас төдийлөн олон тоглолтонд оролцож чадахгүй байгаа “бүжигчин залуу” Улаануудтай 2019 он хүртэл гэрээтэй байгаа юм.

Жек Уилшир (Photo by David Price/Arsenal FC via Getty Images)

Арсеналын хагас хамгаалагч Жек Уилшир энэ зун багаа орхих нь тодорхой болоод байна. Хэдийгээр түүний хувьд Эмирэйтсд үлдэх хүсэлтэйгээ илэрхийлсэн ч, шинэ дасгалжуулагч Унай Эмэри түүнийг төлөвлөгөөний нэг хэсэг биш гэдгийг нь нэгэнт зарласан учраас үлдэх магадлал тун бага. 26 настай Англи хагас хамгаалагчийг Вест Хэм, Эвертон Вулхэрхэмптон багууд сонирхож байгаа юм.