ЦСКА Москва, ОХУ-ын шигшээ багийн залуу од Александр Головины төлөө Италийн Ювентус болон Испаний Барселона багууд өрсөлдөж байна. ЦСКА Москва Головиныг 25 сая еврогоор үнэлж байгаа юм. Түүний хувьд өнгөрсөн улиралд Москвагийн багийн төлөө 38 тоглолтонд оролцож 7 гоол, 3 гоолын дамжуулалт өгсөн юм.
Арсенал Ясин Брахимиг авахаар хичээж байна. Порто клуб өөрсдийн жигүүрийн тоглогчоо зарахад бэлэн байгаа гэж Португалийн Jornal de Noticias сэтгүүл мэдээлжээ. Брахимигийн хувьд Италийн Рома багтай нэр холбогдоод байгаа боловч, тэрээр Англи руу явахыг хүсч байгаа нь Их буучдад сайхан мэдээ болж байна.Мөн Арсеналын хагас хамгаалагч Гранит Шака багтайгаа урт хугацааны гэрээ байгуулжээ.
Английн Ньюкасл Юнайтедын клубын дасгалжуулагч Рафаел Бенитезэд багийнх нь удирдлага 40 сая фунт стерлингийг энэ зуны наймааны цонхоор гаргаж өгөхөөр болсон гэнэ. Шаазгайнуудын хувьд одоогийн байдлаар Хоффенхэймын Хорват довтлогч Андрей Крамарич болон, Ювентусын хагас хамгаалагч Стефано Стураро нартай холбогдоод байгаа юм.
Испаний Реал Бетисийн хагас хамгаалагч Фабиан Руйз Наполи клубтэй тохиролцоонд хүрсэн тухай Corriere dello Sport мэдээлжээ. Хэрвээ энэ наймаа бүтвэл Наполигийн Жоржиньо Манчестер Сити рүү явах нь тодорхой болж байгаа гэсэн үг.
Саутхэмптон, болон Лейстер клубууд Норвич Сититэй Жеймс Мэддисоныг худалдан авахаар тохиролцжээ. Канарын бялзуухайнууд багуудаас ирсэн 22 сая фунтын саналыг зөвшөөрсөн бөгөөд одоо тоглогч өөрөө аль баг руу явахаа шийдэх л үлдсэн гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Саутхэмптоныг сонгох магадлал өндөр гэнэ. Жэймс Мэддисон энэ жил 21 нас хүрэх бөгөөд өнгөрсөн улиралд Норвичийн төлөө 49 тоглолтонд оролцож 15 гоол, 8 гоолын дамжуулалт өгсөн ирээдүйтэй хагас хамгаалагч юм.
Францын аварга ПСЖ клуб Миланы төвийн хамгаалагч Леонардо Бонуччиг авахаар хөдөлж эхэлжээ. Мөн үүнээс гадна Италийн домогт хаалгач Жианлиужи Буффоныг 2 жилийн гэрээтэйгээр эгнээндээ нэгтгэхэд ойрхон байгаа билээ.
Өнгөрсөн улирлын 2-р хагасыг Вест Бромвич Албион клубт өнгөрүүлсэн Ливерпүүл клубын довтлогч Даниел Старриж багтаа үлдэж гарааны эрхийн төлөө тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн байна. Гэмтлийн улмаас төдийлөн олон тоглолтонд оролцож чадахгүй байгаа “бүжигчин залуу” Улаануудтай 2019 он хүртэл гэрээтэй байгаа юм.
Арсеналын хагас хамгаалагч Жек Уилшир энэ зун багаа орхих нь тодорхой болоод байна. Хэдийгээр түүний хувьд Эмирэйтсд үлдэх хүсэлтэйгээ илэрхийлсэн ч, шинэ дасгалжуулагч Унай Эмэри түүнийг төлөвлөгөөний нэг хэсэг биш гэдгийг нь нэгэнт зарласан учраас үлдэх магадлал тун бага. 26 настай Англи хагас хамгаалагчийг Вест Хэм, Эвертон Вулхэрхэмптон багууд сонирхож байгаа юм.