Ла лиг

10 ХҮНТЭЙ БАРСА ЯЛАГДААГҮЙ ЦУВРАЛАА “ЭЛЬ КЛАСИКОГООР” ҮРГЭЛЖЛҮҮЛЛЭЭ

Ла лигийн аварга Барселона хүн дутуу үлдсэн ч гэсэн Реал Мадридтай 2:2-оор тэнцэж ялагдаагүй цувралаа үргэлжлүүллээ. “Камп Ноу”-д 97 мянган үзэгчдийн өмнө явагдсан тус тоглолтонд талбайн эздээс Суарес, Месси нар гоолдсон бол эсрэг талаас Роналду, Бэйл нар гоол хийсэн. Ийнхүү Барсагийн 2017 оны 4 сараас эхэлсэн лиг дэх ялагдаагүй цуврал 42 хүрч байна. Тэд Ла лигийн түүхэнд хожигдолгүй аваргалсан анхны баг болохыг зорьж байгаа бөгөөд үлдсэн 3 тойрогт Вильярреал, Леванте, Реал Сосьедадтай тоглох юм.

Андрес Иньестагийн сүүлийн Эль Класико эхнээсээ ширүүн өрнөсөн. 10 дахь минутанд Суарес Серхи Робертогийн хөндлөн дамжуулалтыг гуядаж тоог нээсэн бол 4 минутын дараа Роналду тоог тэнцүүлсэн. Гэвч тэрээр бэртэл аван 2-р үед тоглоогүй.

Эхний үеийн төгсгөлд Серхи Роберто улаан авч талбайг чөлөөлснөөр Реалд давуу байдал үүссэн. Гэвч Месси 52 дахь минутанд үзүүштэй гоолоор багтаа ахин тэргүүллийг авчирсан. Аль аль баг хэд хэдэн боломж алдсаны дараа 72 дахь минутанд Гарет Бэйл тэнцээний бөмбөгийг хийсэн юм.

БАРИМТУУД

7 – Лионель Месси Эль Класикогийн түүхэнд Камд Ноуд хамгийн олон гоол оруулсан тоглогч болов.

6 – Луис Суарес Реалын эсрэг хийсэн 8 тоглолтдоо 6 гоол бүртгүүлээд байна. 2014-15 онд түүнийг ла лигийн дебютээ хийснээс хойш хэн ч ийм олон гоол Эль Класикод оруулаагүй.

– Суарес энэ улиралд Мессид 7 гоолын дамжуулалт өгчээ. Нэг нэгэндээ үүнээс олон ассист өгсөн тоглогчид лигт байхгүй.

– 2013 оны 3 сараас хойш Эль Класикогоос хөөгдсөн анхны тоглогч Серхи Роберто болов. Тухайн үед Вальдес улаан авч байжээ.

ХЭН ЮУ ХЭЛЭВ

АНДРЕС ИНЬЕСТА: Эль Класико үргэлж өрсөлдөөнтэй, ширүүн болдог. Аль аль нь хичээл зүтгэл гаргаж бүхнээ дайчилсан болохоор тэнцээ шударга үр дүн байх. Тоглолтын хагаст хүн дутуу тоглосон ч гэсэн хожигдоогүй нь бас өндөр үнэлэх ёстой зүйл.

Улирлыг хожигдолгүй дуусгах зорилгодоо нэг алхам ойртсон нь сайн хэрэг. Одоо дараагийн тоглолтууддаа анхаарлаа хандуулцгаая. Копагийн финалаас хойш форм минь тааруу байгаа ч багийнхаа төлөө чадах бүхнээ хийж, дайчлах болно.