Аваргуудын Лигийн долоон удаагийн аваргууд сүүлийн жилүүдэд тун амжилт муутай улирлуудыг дуусгаж буй билээ. Муу амжилтаас гаргахын тулд багийн шинэхэн эзэн Хятад бизнес эрхлэгч Ли Ён Хог зуны солилцоо наймааны цонхоор 205 сая орчим евроог тамирчин авахдаа зарцуулсан хэдий боловч баг нь хангалтгүй тоглосон хэвээр буй юм.
Тэд Италийн Сер-А лигийн 14 тойргийн дараах байдлаар 20 оноотой тэргүүлэгчдээс 18 оноо алдан 7 дугаар байранд бичигдэж буй юм.
120 орчим жилийн түүхтэй Италийн төдийгүй Европын шилдэг багуудын нэг болох АС Миланыг энэ улиралд сайн тоглолтыг үзүүлнэ гэсэн хүлээлттэй байсан хэдий ч хүлээлтэд хүрээгүй үр дүнгээ дасгалжуулагч Вичензо Монтеллатай холбон тайлбарлаж үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
АС Миланы шинэ дасгалжуулагчаар томилогдож буй Вичензо Монтеллаг орлох эрхэм бол багийн домогт тоглогчдын нэг Женаро Гаттусо байх юм.
Женаро Гаттусогийн хувьд 1999 оноос 2013 оныг хүртэл Милан клубын төлөө хүчин зүтгэсэн бөгөөд энэ хооронд аваргуудын лигийн аваргаар хоёр удаа тодорч байсан Миланы фэнүүдийн хайртай тамирчдын нэг юм.