Дэлхийн хөлбөмбөг

З.Блаттер Х.Солод бэлгийн дарамт үзүүлсэн гэв үү?

АНУ-ын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн хаалгач асан Хоуп Соло ФИФА-н ерөнхийлөгч асан Зепп Блаттерийг өөрт нь бэлгийн дарамт үзүүлж байсан хэмээн буруутгажээ.

Холливүүдийн алдарт продюсер Харви Уэйнштэйнийг тойрсон бэлгийн дарамтын тухай цочир дуулиан дэлхий нийтийг цоцроож, үүнийг дагаад Стивен Сигал, Кевин Спэйси нарын Холливүүдийн одод мөн уг дуулианы шуурганд нөмрөгдөөд байгаа билээ. Харин энэ удаад спортын ертөнцөд, тэр дундаа хөлбөмбөгийн ертөнцөөс бэлгийн дарамтын хэрэг сөхөгдөөд байна.

Хоуп Соло сэтгүүлчдэд 2013 оны ФИФА Баллондор буюу шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагааны үеэр Зепп Блаттер түүний өгзгийг барьсан хэмээн мэдэгдсэн бол Зепп Блаттер үүнийг “хий хоосон гүтгэлэг” гээд эрс няцааж байна.

З.Блаттерийн хувьд өдгөө 81 настай бөгөөд ФИФА-ийн ерөнхийлөгчид 5 удаа сонгогдсон буюу 1998-2015 оны хугацаанд тус албыг хашсан. Харин олимп, дэлхийн аварга Хоуп Соло нь 2016 оны олимпийн наадмын үеэр өрсөлдөгч тамирчдаа доромжилсоноос болж 6 сар хөлбөмбөг тоглохгүй байх сахилгын шийтгэл хүлээсэн ба үүнээс хойш шигшээ багтайгаа эргэн нэгдээгүй юм.