Монголын хөлбөмбөг

Монголын залуучуудын шигшээ баг эхний тоглолтоо Японтой хийнэ

Ирэх сарын 04-08-ы хооронд Улаанбаатар хотод зохиогдох Азийн 19 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд Монголын залуучуудын шигшээ баг оролцохоор бэлтгэл сургуулилалтаа базаасаар байна.

Япон, Тайланд, Сингапур гэсэн тивийнхээ шилдгүүдтэй хүч үзэхийн өмнө манай шигшээ урд хөршид 11 хоногийн хамтарсан бэлтгэлд хийгээд ирсэн. Урд хөршид хийсэн бэлтгэлийнхээ үеэр гурван нөхөрсөг тоглолтод оролцож, бүгдэд нь хожсон сайн формтой байгаа.

Ахлах дасгалжуулагч З.Баттулга дасгалжуулагч Монголын хөлбөмбөгийн дээд зэрэглэлийн тэмцээнүүд болох “Хүрхрээ үндэсний лиг”, “Хүрхрээ нэгдүгээр лиг”-т оролцдог авьяаслаг залуусаар 19 хүртэлх насны шигшээ багийг бүрдүүлсэн. Тэдгээр тоглогчид дунд 23 хүртэлх насны шигшээ багийн хамтаар Азийн 23 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд оролцсон туршлагатай залуус ч бий.

Манай шигшээ багтай нэг хэсэгт таарсан Япон, Тайланд улсын багууд өчигдөр Монголд ирж, бэлтгэлээ эхэлсэн бол Сингапур улсын залуучуудын шигшээ баг ирэх сарын 1-нд Улаанбаатар хотноо газардана. Азийн 19 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний “I” хэсгийн тоглолтууд 11 сарын 04-08-ы хооронд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болно.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо