Арсенал клубын гол лидерүүдийн нэг Мезүт Өзилийн ирээдүйг тойрсон цуу яриа сүүлийн үед ихээхэн газар авч буй. Ирэх зун дуусч буй гэрээнийх нь асуудалтай холбоотойгоор түүнийг багаа орхих гэж байгаа талаар хэд хэдэн эх сурвалж мэдээлсэн. Гэхдээ Арсенал клубын гол хувьцаа эзэмшигч С.Кроенке түүнийг багтаа үлдээх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, зарим фенүүдийн санааг амраасан билээ. Үүний талаар Өзил өөрийн сэтгэгдлээ хуваалцсан байна.
“Мэдээж дийлэнх хувьцаа эзэмшигчээсээ ийм үг сонсох нь сайн хэрэг. Би энд жаргалтай байгаа. Талбай дээр гарсан цагтаа багийнхаа төлөө бүхнээ зориулах болно. Өмнө нь ч тийм байсан. ”
“Хамгийн чухал бол хөлбөмбөг. Би тоглолтоосоо, багийнхаа амжилтаас урам зориг авахыг хүсч байна. Талбай дээр гараад хүссэнээрээ, хамгийн сайнаараа тоглох л миний зорилго. Бусдаар бол бүх зүйлийг цаг хугацаа харуулах биз ээ”
М.Өзил одоог хүртэл өөрийнхөө ирээдүйн талаар, багтаа үлдэх эсэх талаар хариу өгөөгүй л байгаа. Өнгөрсөн долоо хоногт түүнийг Манчестер Юнайтед руу явах гэж байгаа талаар багийн андууддаа хэлсэн хэмээн мэдээлэл гарсан ч удалгүй худал байсан хэмээн няцаагдсан билээ. Энэ мэдээний дараа болсон Эвертонтой хийсэн тоглолтонд Өзил гялалзаж, нэг гоол, нэг дамжуулалт өгсөн юм.
“Манай багт ямар их боломж, бололцоо байгааг энэ тоглолт харуулсан байх. Бид хоцорч байхдаа ч хожих чин эрмэлзлээ харуулж, ялалт байгуулж чадсан. Өдөр бүр, долоо хоног ийм тоглолт гаргахыг хүсч байна” хэмээн тэрээр хэлжээ.
Арсенал хүснэгтийн 5-р байрт, Челситэй адил 16 оноотойгоор бичигдэж буй билээ.