Сүүлийн үед Испанийн хэвлэлүүдээр Германы шигшээ болон Байер Леверкузен клубын хагас хамгаалагч Юлиан Брандтыг Барселона клуб сонирхож байгаа мэдээлэл гарсан билээ. Өнгөрсөн зун Ливерпүүлийн Ф.Коутиньог авч чадаагүй тэд өвлийн наймааны цонхоор бүрэлдэхүүнээ герман залуугаар хүчирхэгжүүлэхийг хүсч байгаа аж.
“Мэдээж Барселона шиг топ клубтэй холбогдоно гэдэг нэр төрийн хэрэг. Үгүйсгэх аргагүй. Олон жилийн хөдөлмөр маань ингэж үнэлэгдэж байгаад их баяртай байна”
“Гэхдээ топ клуб намайг сонирхож байгааг сонсох надад хангалтгүй. Үүлэн дээр хөвөөд байгаа мэт аашилж, энэ ч намайг хүсч байгаа, тэрэнд ч очих боломжтой гэж хандах нь утгагүй. Харин ч улам илүү хөдөлмөрлөж, өөрийгөө талбай дээр баталж харуулах нь чухал.”
“Яг одоо надад хийх ёстой ажил, анхаарах ёстой зүйлс байна. Би Байерынхаа төлөө илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй байна” хэмээн тэрээр Ominisport-д ярьсан байна.
4 улирал дараалан Аваргуудын лигт шалгарсны эцэст өнгөрсөн улирлыг арайхийн 12-р байрт орон өндөрлүүлсэн Байер өдгөө ч тогтворгүй амжилт үзүүлсээр, хүснэгтийн дунд хэсэгт бичигдсээр байгаа юм. Энэ нь герман залууг багаа орхиж магадгүй гэх яриаг улам өдөөж байгаа билээ.
“Мэдээж бид тоглолтоо сайжруулах ёстой. Эхний зорилго бол хүснэгтийн эхний хагаст баттай байр суурь эзлэх. Бид өөрсдийгөө илүү сайн тоглох боломжтой гэдгийг мэдэж байгаа учир илүү урагш тэмүүлэх болно” хэмээн тэрээр хэлжээ.
Өнгөрсөн зун Холбоодын цомын тэмцээнд түрүүлсэн Германы шигшээгийн бүрэлдэхүүнд багтсан Брандт ирэх жилийн ДАШТ-д шигшээ багтаа багтан оролцох магадлал өндөр байгаа нэгэн юм.