ДАШТ

Белги-Бразил: Супер оддын тулааны өмнө

АНГЛИЙГ ХОЖСОНЫХОО ГОРЫГ БЕЛГИЙН ШИГШЭЭ АМСАХ УУ?

Дэлхийн 5 удаагийн аварга Бразил болон түүх бүтээхээр зорьж буй Белгийн шигшээ багуудын тоглолт 7-р сарын 6-наас 7-нд шилжих шөнийн 02:00 цагаас Казанд эхлэх болно.

Английн шигшээг хожиж, G хэсгийг тэргүүлсэн Улаан чөтгөрүүд өөрсдийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд шөвгийн 8-д маш том давааг давах шаардлагатай боллоо. 2-р гарах нь ашигтай хэсгийг, тэд Аднан Янузайн гоолын “гайгаар” тэргүүлж гарсан нь даалгаврыг нь улам хүндрүүлж байна.

Аднан Янузай Английн эсрэг тоглолтын цор ганц гоолыг оруулсан (Photo by David Ramos – FIFA/FIFA via Getty Images)

Шөвгийн 16-д Японы шигшээ багт 2-0 харьцаатай хожигдож яваад, эргэн ирж эцсийн мөчид хожил авсан нь тэдний сэтгэл зүйг өргөсөн нь гарцаагүй. ДАШТ-ий хасагдах шатанд  ийм эргэн ирэлтийг 1970 оноос хойш хийсэн анхны баг нь тэд болж, Бразилтай тоглох эрхээр ‘шагнуулсан’ юм.

Белгийн шигшээ одоогийн байдлаар 23 тоглолтын турш хожигдол гээчийг амсаагүй явна. Мөн энэ жилийн ДАШТ эхэлснээс хойш 4 тоглолтондоо бүгдэд нь хожсон хоёрхон багийн нэг нь.

‘Бид 2-0-ээр хожигдож явах үед, сэтгэлзүйн хувьд нэг л зүйлийг бодож байлаа.  ‘Бидэнд алдах зүйл байхгүй’. Ингэснээр бид илүү тайван тоглож, үүнийг хийж чадсан юм. Ийм сэтгэлзүйгээрээ эхний секундээс эхлээд сүүлчийн шүгэл дуугартал тоглож чадвал, Бразилыг бид хожиж чадна.’  хэмээн Белгийн дасгалжуулагч Роберто Мартинез мэдэгдсэн.

Тоглолтын хожлын гоолыг сэлгээгээр орж ирсэн Насер Шадли оруулсан ( Photo by Jimmy Bolcina / Photonews via Getty Images)

Энэ жилийн ДАШТ-ий гол ярианы сэдвүүдийн нэг яах аргагүй Неймар болоод байна. Гэхдээ  сайн болон саар аль аль талаараа. Түүний хувьд одоогийн байдлаар 2 гоол оруулчхаад байгаа хэдий ч 14 минутыг талбай дээр хэвтэж, баашилж өнгөрөөсөн гэнэ.

(Photo by Fatih Aktas/Anadolu Agency/Getty Images)

Бид Бразилын шигшээн довтолгоог байнга ярьдаг хэдий ч хамгаалалтыг нь төдийлөн онцолдоггүй. Сүүлийн 9 тоглолтонд хаалгандаа ГАНЦ гоол алдсан төдийгүй, өрсөлдөгч багууд нь хаалгаа оносон ердөө 5 цохилтыг л Бразилын хамгаалалтын эсрэг хийсэн байна. Аллисон, Фагнер, Тиаго Силва, Миранда, Марсело. Хамгийн тогтвортой, ойлголцол сайтай хамгаалалтын бүрэлдэхүүн.

(Photo by Simon Hofmann – FIFA/FIFA via Getty Images)

БАГУУДЫН МЭДЭЭЛЭЛ

Бразилын шигшээ багийн хагас хамгаалагч Касемиро энэ тоглолтыг торгуулийн улмаас өнжиж, түүнийг Фернандиньо орлож гараанд гарна гэдгийг дасгалжуулагч Тите зарласан. Харин тэдэнд тун сайн мэдээ байгаа нь шөвгийн 16-н тоглолтыг нуруундаа зовиуртай байсны улмаас өнжсөн зүүн жигүүрийн хамгаалагч Марсело энэ тоглолтонд  оролцоход бэлэн болсон гэнэ.

Тэгвэл Белгийн шигшээ багийн жигүүр Аднан Янузай өмнөх тоглолтонд бага зэргийн гэмтэл авсан боловч энэ тоглолтонд оролцох боломжтой гэжээ. Үүнээс өөр бэртэл гэмтлийн асуудал, тоглолт өнжих тоглогч байхгүй гэж Белгийн шигшээн ахлах дасгалжуулагч Роберто Мартинез мэдэгдсэн байна.


ДАСГАЛЖУУЛАГЧИД ЮУ ХЭЛЭВ?

Тите (Photo by Mike Hewitt – FIFA/FIFA via Getty Images)

Бразилийн шигшээ багийн дасгалжуулагч Тите: ‘Үнэхээр сайхан тоглолт болох байх. Хоёулаа л гоёмсог хөлбөмбөг тоглодог багууд. Белгийн багийнхан гайхалтай дасгалжуулагч, гайхалтай тоглогчидтой баг. Би тэднийг ДАШТ-д түрүүлэх хэмжээний чадвартай багуудын нэг гэж боддог.’


Роберто Мартинез
( Photo by Peter De Voecht / Photonews
via Getty Images)

Белгийн шигшээ багийн дасгалжуулагч Роберто Мартинез: ‘Бид илүү чармайх хэрэгтэй. Өөрсдийн чадах чинээгээрээ хамгаалахаас гадна, бөмбөгтэй үедээ тэдэнд дарамт үзүүлэх ёстой. Тэгж байж бид өөрсдөдөө хожих боломж гаргах болно.’


ТОГЛОЛТЫН ӨМНӨХ ТООН БАРИМТУУД 

Хоорондын тоглолт:

  • Хоёр багийнхан 5 дахь удаагаа хоорондоо тоглох гэж байна. Хамгийн эхний тоглолт 1963 онд Брюссельд болоход Белги Бразилыг 5-1 харьцаатай хожиж байсан бол үлдсэн 3 тоглолтонд нь Бразилчууд хожиж байж.
  • Тэд өмнө нь нэг удаа ДАШТ-д тоглож байсан бөгөөд, 2002 оны ДАШТ-ий шөвгийн 16-д учраа таарахад Бразилийн шигшээ баг Ривалдо болон Роналдогийн гоолуудын ачаар 2-0 харьцаатай хожиж байв.

Бразил:

  • Бразилийн шигшээ баг 7 дахь Дэлхийн аваргадаа дараалан шөвгийн 8-д үлдээд байгаа бөгөөд 2-т нь л ялагдал хүлээж байж.  2006 онд Францад, 2010 онд Нидерландад хожигдсон.
  • Тэдний ДАШТ-ий сүүлийн 6 хожигдлыг бүгдийг нь Европын багууд амсуулж байв.
  • Мөн Европын багийг хожсон хамгийн сүүлийн тохиолдол нь 16 жилийн өмнөх ДАШТ-ий финалд Германы эсрэг тохиож байсан байна.
  • Тэд бүх тэмцээнийг оролцуулаад сүүлийн 15 тоглолтондоо хожигдоогүй явна. (11 хожил, 4 тэнцээ). Мөн энэ тоглолтуудад нийлээд 3 гоол алдсан нь тэдний хамгаалалтыг ямар сайн байгааг илтгэнэ.
  • Бразилчууд Титегийн удирдлага дор 25 тоглолтын 20-д нь хожил (4 тэнцээ, 1 хожигдол) авсан бөгөөд 19 удаа хаалгандаа гоол алдалгүй тоглолтыг дуусгасан байна.
  • Неймар Бразилын төлөө сүүлийн 19 тоглолтонд, 20 гоолд нь шууд оролцжээ. (11 гоол, 9 гоолын дамжуулалт)

Белги:

  • Белгийн шигшээ баг Өмнөд Америкийн багуудын эсрэг хийсэн сүүлийн 2 ДАШТ-ий тоглолтондоо хожигдсон. 2002 онд Бразил, 2014 онд Аргентинд хожигдож байв.
  • Хэрвээ энэ тоглолтонд хожвол 1986 оноос хойш анх удаа хагас шигшээд тоглоно. Үүнээс гадна 5 дараалж хожсон анхны тохиолдол нь болно.
  • Тэд энэ удаагийн ДАШТ эхлээд аль хэдийн 12 гоол оруулчихсан байгаа нь өөрсдийнх нь 1986 онд тогтоосон рекордтой нь тэнцээд буй.
  • Роберто Мартинезын залуус сүүлийн 23 тоглолт хожигдолгүй (18 хожил, 5 тэнцээ) яваа нь одоогоор тэмцээнд үлдсэн бусад багуудаас хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.
  • Тэд дэлхийн аваргад хийсэн сүүлийн 10 тоглолтынхоо 9-д нь эхний хагаст гоол оруулж чадаагүй.
  • Эдэн Азар Белгийн төлөө, Роберто Мартинезийн удирдлага дор 18 тоглолтонд оролцож, 19 гоолд нь (10 гоол, 9 гоолын дамжуулалт) шууд оролцжээ.

ТААМАГЛАСАН ГАРАА:

БЕЛГИ

Белгийн шигшээ багийн таамагласан гараа

БРАЗИЛ

Бразилийн шигшээ багийн таамагласан гараа

Аль баг нь хагас шигшээд шалгарах вэ?

Vote to see the results
30% - 28 votes
31% - 24 votes