Германы аваргууд Андалузын Севияа багийг хүлээн авч хариу тоглолтондоо оролцоход хэдхэн цаг үлдлээ. Аллианз Аренад явагдах уг тоглолтонд Байернчууд аваргын зангарагыг харуулах уу аль эсвэл Севияачууд Манчестер Юнайтедийг хожсон нь зүгээр нэг тохиолдол биш гэдгийг батлах уу гэсэн асуултад хариулт авах билээ.
Германы багийн хувьд хоёр зочин гоолтой гэртээ ирж байгаа нь том давуу тал болж байгаа. Харин эсрэгээрээ Испанийн төлөөлөлд цааш шалгарах эрх авахад дор хаяж 2 гоол хэрэгтэй. Энэхүү тоглолтын талаар олон ч сонирхолтой баримт байгаагаас цухас дурдвал Байерн Мюнхен 2012-13 онд Юпп Хайнкесын удирдлага дор Германы цом , Бундеслига , Аваргуудын Лиг-т түрүүлсэнээс хойш 4 жилийн турш Ав.Лигийн хасагдах шатанд Испанийн багуудад хожигдож тэмцээнээ өндөрлүүлээд байгаа юм.
Энэхүү тоглолтын талаар Арьен Роббен: “Бид тэднээс болгоомжлох хэрэгтэй. Тэд чинь Манчестерт гайхамшиг бүтээчихсэн шүү дээ. Бид бэлтгэлтэй байх болно. Эсрэг багийн талбайгаас хоёр гоолтой ирнэ гэдэг том давуу тал хэдий ч энэ тоглолт Бешикташын эсрэг хийсэн тоглолтоос өөр байх болов уу даа.” гэжээ.
Харин Севияа багийн дасгалжуулагч Винченцо Монтелла: “Итгэж чадвал боломжгүй зүйлсийг ч боломжтой болгож болно. Би одоо болтол итгэсээр байгаа.” гэсэн цөөн хэдэн үгийг хэллээ.
Талбайн эздээс Давид Алаба (нуруу) , Артуро Видал (өвчтэй) гэсэн шалтгаантай тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа бол зочид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох болно. Хэрэв санаж байгаа бол гол тоглогчидын нэг Эвер Банега торгуулийн улмаас эхний тоглолтыг өнжөөд байсан билээ.