Монголын хөлбөмбөг

М.Вайсс: “Үр дүн чухал ч бидэнд туршлага мөн чухал”

Монголын үндэсний шигшээ баг Олон улсын Хөлбөмбөгийн Холбооны албан ёсны нөхөрсөг тоглолт Малайзын шигшээ багтай хийх гэж буй билээ. 

Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан Монголын шигшээ баг БНХАУ -ын Юннан мужийн Кунминг хотод 03 сарын 05-20-ны хооронд бэлтгэл хийж, хоёр хоногийн өмнө Куала Лумпурт газардсан 

Өчигдөр тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс:

“Бид энд ирэхээсээ өмнө БНХАУ-д бэлтгэл хийсэн. Бидний зарим тоглогчид бэртлийн улмаас гэртээ үлдсэн. Манай багт 18, 19 настай тоглогчид их бий. Би өмнө нь Филиппиний шигшээг дасгалжуулж байхдаа Малайзад ирж тоглож байсан. 2012 онд санагдаж байна. Маргаашийн тоглолтын үр дүнг урьдчилж таамаглахад бэрх. Талбайн эзэд биднийг бодвол туршлагатай. Хамгийн гол нь бид талбайд гараад өөрсдийн хийж чаддаг юмаа л харуулах хэрэгтэй. Малайз бол энэ тоглолтын гол фаворит. Хэдийгээр үр дүн чухал ч бидэнд туршлага мөн чухал гэж бодож байна.” хэмээн ярьсан юм.

Багийн ахлагч Д.Төрбат: “Манай шигшээ багт мэргэжлийн тоглогч байхгүй. Хагас мэргэжлийн гэвэл зохих байх. Одоо эх оронд маань өвлийн улирал дөнгөж дуусч байгаа. Гадаа тоглох нөхцөл маш бага. Тиймээс энэ үед ихэвчлэн зааланд тоглодог. Бид энд ирэхээсээ өмнө БНХАУ-д 2 долоо хоног байрлаж, бэлтгэл хийсэн. Үр өгөөжөө өгнө гэж найдаж байна.” гэлээ. Малайзын хэвлэлүүдээр манай шигшээ багийн талаар “Чингис хааны цэргүүдтэй тулалдана” гэсэн гарчигтай мэдээлэл цацагджээ.