Коутиньо: Мөрөөдөл минь биеллээ

Хөлбөмбөгийн түүхэнд хоёрт бичигдэх хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болсон Бразил хагас хамгаалагч Филиппе Коутиньо энэхүү шилжилтийнхээ талаар яриа өглөө.

Түүний хувьд өчигдөр Барселона дахь анхны танилцуулгадаа орсон бөгөөд удахгүй түүнийг Камп Ноуд албан ёсоор олон нийтэд танилцуулах юм. 

“Сайн байна уу Барсагийн фэнүүдээ? Мөрөөдөл минь биеллээ. Маргааш та бүхэнтэйгээ уулзъя” хэмээн өөрийн твиттердээ видео мессэжээр ярьсан байна.

Мөн БарсаТВ-д: “Шүтдэг тамирчидтайгаа, гайхалтай түүхтэй тамирчидтай зэрэгцэн амьдрах болсондоо үнэхээр баяртай байна. Лео Месси, Пике, Бүскетс, Иньэста, Суарэс гээд л. Би тэдэнтэй хамт амьдарч, тэднээс суралцаж, тэдэнтэй хамт тэмцээнүүдэд түрүүлэх боломжтой болсондоо үнэхээр баяртай байна.”

Коутиньо түүхэн дэх хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн нэг болсон бөгөөд түүхэн дэх хамгийн үнэтэй гурван наймааг бүгдийг нь Барселона хийсэн нь сонирхолтой. Тэд 220 сая еврогоор Нэймарыг өнгөрсөн зун явуулсан бол хариуд нь Дембеле, Коутиньо нарыг ийнхүү тус бүрийг нь 100 гаруй саяаар худалдан аваад байна. 

Коутиньогийн наймааны талаар Барселонагийн дасгалжуулагч Валверде: “Түүний олон талын чадвар бидэнд давуу тал үүсгэх болно. Тэр гоол оруулж, гоолыг үүсгэж, талбайн аль ч хэсэгт сайн тоглох чадвартай” хэмээн ярьсан байна.